"Татвар төлөгчийн дугаар" нүдэнд ААН, байгууллага, хувь хүний регистрийн дугаар,
"Хэрэглэгчийн нэр" нүдэнд татвар төлөгчийн дугаар,
"Хэрэглэгчийн нууц үг" нүдэнд системд нэвтрэх нууц үгийг оруулна уу.

ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

Огноо: 09-MAY-13

    ТАТВАРЫН МАРГААН ТАСЛАХ ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ

                                                                                 Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь татварын акт, дүгнэлттэй холбоотой гомдлыг Татварын маргаан таслах зөвлөл (цаашид "Маргаан таслах зөвлөл" гэх)-өөр хянан шийдвэрлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

1.2. Маргаан таслах зөвлөл нь татварын акт, дүгнэлттэй холбоотой гомдол (цаашид "гомдол" гэх)-ыг хянан шийдвэрлэхдээ энэ журам болон Татварын ерөнхий хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгоно.

1.3. Маргаан таслах зөвлөл нь үйл ажиллагаандаа хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, татвар төлөгчийн болон татварын албаны хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, татвар төлөгчийн нууцыг чанд хадгалах зарчим баримтална.

1.4. Маргаан таслах зөвлөл нь Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөс бүрдэнэ. Маргаан таслах зөвлөл нь орон тооны бус байна.

1.5. Маргаан таслах зөвлөл нь гомдлыг Татварын ерөнхий хуулийн 42.1-д заасан үндэслэлээр хянан шийдвэрлэнэ.

1.6. Татвар төлөгч нь гомдлоо тухайн татварын акт, дүгнэлт бичсэн татварын улсын байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой гомдлоо Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой гомдлоо шүүхэд тус тус бичгээр гаргана.

1.7. Гомдол нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.

1.8. Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу хянан үзнэ.

1.9. Гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан үндэслэлээр хянан үзэхгүй байх буюу буцаана. Гомдлыг хянан үзэхгүй байх буюу буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой зааж, албан бичгээр мэдэгдэнэ.

1.10. Маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагаатай холбогдох зардлыг тухайн маргаан таслах зөвлөлийг харьяалж байгаа татварын алба хариуцна. Маргаан таслах зөвлөлийн гишүүдэд хуралдсан цагаар нь хөлс олгоно. Цагийн хөлсний хэмжээг тухайн Маргаан таслах зөвлөлийн гишүүдийг томилсон эрх бүхий албан тушаалтан тогтооно.

                                                                      Хоёр. Маргаан таслах зөвлөлийн бүрэн эрх

2.1. Маргаан таслах зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2.1.1. гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;

2.1.2. гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах, гомдлыг хянан шийдвэрлэсний дараа авсан материалаа буцааж өгөх;

2.1.3. татвар төлөгч, татварын улсын байцаагч болон холбогдох бусад этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж авах;

2.1.4. шаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч ажиллуулах;

2.1.5. хянан шийдвэрлэж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;

2.1.6. татварын акт, дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдвол түүнийг бичсэн татварын улсын байцаагчид Татварын ерөнхий хуулийн 73.2-т заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг Татварын ерөнхий газрын даргад тавих.


                                                  Гурав. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд бэлтгэх

3.1. Маргаан таслах зөвлөл нь гомдолд магадалгаа хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий татварын улсын байцаагч (цаашид "магадлагч" гэх)-тай байна.

3.2. Аймгийн татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагчийг тухайн татварын албаны даргын, Татварын ерөнхий газар болон нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн магадлагчийг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар тус тус 3 жилийн хугацаагаар томилно. Магадлагчаар нэг удаа улируулан томилж болно.

3.3. Магадлагчийг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан журмын дагуу сэлгэн ажиллуулж болно.

3.4. Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр гомдол хянан шийдвэрлэхэд оролцсон магадлагч тухайн гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлөөр хянан шийдвэрлэхэд оролцохыг хориглоно.

3.5. Магадлагч нь үйл ажиллагаандаа энэ журам болон татварын хууль тогтоомж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Сангийн сайдын баталсан журам, заавар, Засгийн газрын 1997 оны 177 дугаар тогтоолоор баталсан "Шүүх нягтлан бодох бүртгэлийн магадлагаа хийх дүрэм"-ийг удирдлага болгоно.

3.6. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаан болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө зөвлөлийн дарга, гишүүдэд хуралдааны тов, төлөвлөгөө болон хэлэлцэх асуудлын танилцуулга, материалыг хүргэнэ.

3.7. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь энэхүү журмын 3.1-д заасан чиг үүргийг дангаар болон магадлагчтай хамтран хэрэгжүүлж болно. Энэ тохиолдолд Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга үйл ажиллагаандаа энэ журмын 3.4, 3.5-д заасан зарчмыг удирдлага болгоно.

                                                              Дөрөв. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа

4.1. Маргаан таслах зөвлөл нь энэ журмын 1.7-д заасан шаардлагыг хангасан гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.

4.2. Маргаан таслах зөвлөлийн хуралдаанд маргааны оролцогч талууд болон Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон магадлагч оролцоно. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцно.

4.3. Хуралдааныг Маргаан таслах зөвлөлийн дарга даргална. Маргаан таслах зөвлөлийн даргын түр эзгүй үед хуралдааныг Маргаан таслах зөвлөлийн даргын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх зөвлөлийн аль нэг гишүүн даргална.

4.4. Хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг магадлагч, энэ журмын 3.7-д заасан тохиолдолд Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга оруулна.

4.5. Хуралдаанд Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно. Хуралдааны үйл ажиллагаанд тус зөвлөлийг харьяалж байгаа татварын албаны дарга зөвлөх эрхтэйгээр оролцож болно. Энэ тохиолдолд хэлэлцэж байгаа асуудлын талаар тухайн татварын албаны даргын саналыг заавал сонсоно.

4.6. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаархи шийдвэрийг олонхийн саналаар гаргана.

4.7. Маргаан таслах зөвлөлийн хуралдааны товыг маргааны оролцогч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь гомдлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад саад болохгүй.

4.8. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн дотоод ажлыг хариуцна. Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж, хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө. Хуралдааны тэмдэглэлд Маргаан таслах зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурна. Маргаан таслах зөвлөлийн даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд түүний үүргийг түр гүйцэтгэж байгаа зөвлөлийн аль нэг гишүүн гарын үсэг зурна.

                                                                     Тав. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр

5.1. Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.1.1.татварын акт, дүгнэлтийг өөрчлөх;

5.1.2.татварын акт, дүгнэлтийг хүчингүй болгох;

5.1.3.татварын акт, дүгнэлтийг хэвээр үлдээх.

5.2. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно. Ингэхдээ тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөл буюу шүүхэд гомдол гаргах эрхийг нь татвар төлөгчид тайлбарлана.

5.3. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд тогтоолд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна.

5.4. Тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ.

Удиртгал хэсэгт тогтоолыг хэзээ, хаана, ямар Маргаан таслах зөвлөл гаргаж байгаа, хурлын дарга, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга, маргааны оролцогч талуудыг нэрлэн заана.

Тодорхойлох хэсэгт гомдлын шаардлага, маргааны оролцогч талуудын тайлбарын агуулга, магадлагчийн дүгнэлтийг заана.

Үндэслэх хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Маргаан таслах зөвлөлөөс хэрхэн үнэлж байгаа тухай заана.

Тогтоох хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, гомдлын шаардлагыг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухай тусгана.

5.5. Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг 7 хоногийн дотор тухайн шатны татварын албаны даргад хүргүүлнэ. Татварын албаны дарга шийдвэрийг 3 хоногийн дотор тушаалаараа баталгаажуулна.

Татварын албаны дарга шийдвэрийг баталгаажуулах үндэслэлгүй гэж үзвэл шалтгааныг тодорхой тусгасан тайлбарын хамт Маргаан таслах зөвлөлд буцаана.

5.6. Маргаан таслах зөвлөл нь энэхүү журмын 5.5-д заасан татварын албаны даргын тайлбарыг хуралдаанаараа хэлэлцэн дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

5.6.1.тайлбарыг хүлээн зөвшөөрвөл өмнө гаргасан тогтоолоо өөрчлөх;

5.6.2.тайлбарыг эс зөвшөөрвөл Татварын ерөнхий газрын даргад тавьж шийдвэрлүүлэх.

5.7. Энэхүү журмын 5.8-д зааснаас бусад тохиолдолд Татварын ерөнхий газрын дарга мөн журмын 5.6.2-т заасан маргааныг хянан үзэж, татварын акт, дүгнэлтийг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргана.

5.8. Татварын ерөнхий газрын дарга энэхүү журмын 5.6.2-т заасан зарим тохиолдолд асуудлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд шилжүүлэн шийдвэрлүүлж болно.

5.9. Маргаан таслах зөвлөлийн шийдвэр энэхүү журмын 5.5-ын 1 дэх өгүүлбэрт заасан тохиолдолд хүчин төгөлдөр болно.

5.10. Маргаан таслах зөвлөлийн нарийн бичгийн дарга зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг, түүнийг баталгаажуулсан тухайн шатны татварын албаны даргын тушаалын хамт маргааны оролцогч талуудад гардуулна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга тогтоолыг гардуулсан тухай тэмдэглэл хийж, бүртгэнэ.

5.11. Маргааны оролцогч талууд аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд уг шийдвэрийн талаар гомдол гаргаж болно.

5.12. Маргаан таслах зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг татвар төлөгч, татварын алба, татварын улсын байцаагч, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй.

                                                                        Зургаа. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд
                                                                                                       оролцогчийн эрх, үүрэг

6.1. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд татвар төлөгч, тухайн татварын акт, дүгнэлтийг бичсэн татварын улсын байцаагч оролцох бөгөөд тэдгээрийг маргааны оролцогч тал гэнэ.

6.2. Татвар төлөгчийн эрх, үүрэг:

6.2.1. татварын акт, дүгнэлт болон Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй танилцаж, үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо энэхүү журмын 1.6-д заасан харьяаллын дагуу гаргах;

6.2.2. маргаантай татварын акт, дүгнэлттэй холбоотой тайлбар, нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгөх;

6.2.3. хуралдаанд оролцох буюу өөрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах;

6.2.4. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

6.3. Татварын улсын байцаагчийн эрх, үүрэг:

6.3.1. Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй танилцах;

6.3.2. маргаантай татварын акт, дүгнэлттэй холбоотой тайлбар, нотлох баримтыг Маргаан таслах зөвлөлд гаргаж өгөх;

6.3.3. хуралдаанд оролцох;

6.3.4. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

                                                                          Долоо. Сонирхлын зөрчил

7.1. Дараахь тохиолдолд Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, магадлагч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох бөгөөд өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

7.1.1. маргааны оролцогч тал болох иргэн, татварын улсын байцаагчийн гэр бүл, төрөл садан бол;

7.1.2. маргааны оролцогч тал болох хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бол;

7.1.3. гэр бүл, төрөл садан нь маргааны оролцогч тал болох хуулийн этгээдийн эрх бүхий этгээд (Төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн) бол.

7.2. Энэхүү журмын 7.1-д заасан үндэслэлээр маргааны оролцогч тал Маргаан таслах зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, магадлагчийг гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах талаар хүсэлт гаргана. Хүсэлтийг зөвлөлд бичгээр ирүүлнэ. Маргаан таслах зөвлөл хүсэлтийг 2 хоногийн дотор шийдвэрлэнэ.

7.3. Аймаг, нийслэлийн татварын газар, хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн гишүүдийн гуравны нэгээс дээш нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тохиолдолд гомдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд шилжүүлэн шийдвэрлүүлнэ.

7.4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн гишүүд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсны улмаас зөвлөлийн хуралдааны ирц бүрдэхгүй болсон тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татгалзан гарсан гишүүнийг чөлөөлж, шинээр томилно. Ингэхдээ Татварын ерөнхий хуулийн 42.3-42.5-д заасан зарчмыг удирдлага болгоно.

7.5. Энэхүү журмын 7.3, 7.4-т заасан зарчмыг зөрчиж гаргасан Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүчингүйд тооцно.

                                                                                Найм. Бусад зүйл

8.1. Маргаан таслах зөвлөл гомдлыг хүлээн авсан нь татварын акт, дүгнэлтийн биелэлтийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй.

8.2. Маргаан таслах зөвлөл нь маргааны оролцогч тал болох иргэн нас барсан тохиолдолд түүний өвлөгчийг, хуулийн этгээд өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд шинээр үүссэн хуулийн этгээдийг тэдгээрийн хүсэлтээр маргааны оролцогч талаар тооцож болно. Энэ тохиолдолд тухайн этгээд нь энэ журмын 6.2-т заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ.